2011/12/06

508. Хугацааны диаграм дээр тэмдэглэх

Санамжтай хэлхээний нэг онцлог нь оролт ямар байхаас гадна өмнөх оролтууд ямар байснаас гаралт нь хамаардаг. Иймд өмнөх оролтыг санах санах ойн элементийг ашигладаг тул санамжтай хэлхээ гэж нэрлэдэг.
Энэ нь зөвхөн оролтоос хамаардаг хэлхээ болох комбинацийн хэлхээнээс ялгагдах гол онцлог болдог байна.
Комбинацийн хэлхээний ажиллагааг тайлбарлахдаа оролтын боломжит бүх хувилбаруудын үед гаралт ямар байхыг харуулсан үнэмшлийн хүснэгтийг ашиглан тайлбарладаг.
Харин санамжтай хэлхээний ажиллагааг тайлбарлахдаа оролтын боломжит хувилбар бүрд гаралтын байх хувилбарыг тооцсон төлвийн хүснэгтийг ашиглан тайлбарлана. Үүнээс гадна санах ойн гаралтыг төлөв гэж нэрлэдэг бөгөөд санах ойн гаралт 0 байвал 0 төлөвт байна, 1 байвал 1 төлөвт байна гэж үзнэ.
Жишээ болгон JK флип флопын төлвийн хүснэгтийг байгуулъя. JK флип флоп нь JK гэсэн 2 оролттой тул оролтын 00, 01, 10, 11 гэсэн 4 боломжит хувилбартай хувилбартай. Гэхдээ оролтын боломжит бүх хувилбарын үед JK флип флоп нь 0 эсвэл 1 гэсэн төлөвт байна. Өөрөөр хэлбэл оролтын аль ч утганд гаралт 0 эсвэл 1 гэсэн 2 төлвийн аль нэгэнд байна. Энэ 2-оос хамаарч гаралт нь өөрчлөгдөнө. Энд команд өгөх тэр агшны гаралт, дараа нь энэ гаралт ба оролтоос хамаарч өөрчлөгдөх шинэ гаралт гэсэн 2 гаралтын тухай ярьдаг нь ихэнх оюутнуудыг төөрөлдөхөд хүргэдэг. Иймээс яг команд өгөх тэр агшин дахь гаралтыг өмнөх төлөв, оролт ба команд өгөх үед байсан гаралт 2-оос хамаарч өөрчлөгдөх гаралтыг дараах төлөв гэж хооронд нь ялгаж нэрлэдэг.
Жишээ болгон JK оролт 2-ул 11 байх үед дараах төлөв өмнөх төлөв ба оролтоос хамаарч хэрхэн өөрчлөгдөхийг хүснэгтээр харъя.

Өмнөх төлөв ба дараах төлөв гэдгийг сайн ойлгохгүй байвал үүнийг хугацааны диаграм дээрээс юуг чухам өмнөх төлөв, уг дараах төлөв гээд байгааг илүү ойлгомжтойгоор харж болно.

Хугацааны диаграмын дээд талын гаралт нь клокын 1-0 шилжилт болох агшинд оролт JK=11 байхад гаралт 0 /өмнөх төлөв 0/ байвал дараах төлөв хэрхэн 1 болж өөрчлөгдөж байгааг харуулсан байна. Мөн доод талын гаралт нь клокын 1-0 шилжилт болох агшинд JK=11 байхад гаралт 1 /өмнөх төлөв 1/ байвал дараах төлөв гэж нэрлэгддэг гаралт хэрхэн 0 болж өөрчлөгдөж байгааг тус тус харуулсан байна.
Хугацааны диаграм дээр клокын 1-0 болох агшинг тасархай улаан шугамаар үзүүлсэн байна. Тэгвэл клокын 1-0 болох агшинд JK оролт 11 харин q гаралт дээд зурагт 0, доод зурагт 1 гэсэн төлөвт байна. Эндээс клокын шилжилт болох агшин дахь гаралтыг өмнөх төлөв гэж нэрлэдэг болохыг мэдлээ. Тэгвэл дараах төлөв нь өмнөх төлөв ба оролтоос хамаарч хугацааны t+1 агшинд өөрчлөгдөнө. Үүнийг харуулахын тулд клок шилжилт болсон хугацаанаас баруун тийш бага зэрэг шилжсэний дараа дараах төлөвийн шилжилтийг харуулсан байна. Энэ нь клокын 1-0 шилжилт болох яг тэр агшинд гаралт өөрчлөгддөггүй болохыг харуулна. Харин тэр агшинаас яг дараагийн агшинд гаралт клок 1-0 болох агшны оролт ба гаралтаас хамаарч өөрчлөгддөг болохыг харж болно.
Энэ л санамжтай хэлхээний гаралт зөвхөн оролтоос хамаарч өөрчлөгдөггүй, оролт ба гаралтаас 2-улангаас нь хамаарч өөрчлөгддөг гэдгийг харуулна.
Санамж: санамжтай хэлхээний гаралт нь клокын шилжилт болох агшинд өөрчлөгдөггүй, харин шилжилт болох агшин дахь гаралт ба оролтоос хамаарч шилжилт болсноос t+1 хугацааны дараа өөрчлөгддөг.